Wednesday, October 21, 2009

“ЄНЄР” ХОРООЛЛЫН ШАТ НУРЖ, ХVН НАС БАРЖЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Номин констракшн”-д анхааруулга єгч байсан гэнэ. “Номин констракшн” компанийн барьж буй орон сууцны барилгаас гурван хvн унаж, нэг нь нас баржээ. “Номин констракшн” компани нь барилгын ажилдаа туслан гvйцэтгэгч хэд хэдэн компани ажиллуулдаг аж. Тэдний нэг “Хадат мянган” компанийн ажилтнууд осолд орсон байна. Тэнд ажилладаг ажилчдын хэлснээр цонхны ойролцоо засвар хийхийн тулд шатны зарим бэхэлгээг авснаас эмгэнэлт явдал гарчээ. Хэт гажилтад орсон шат нурснаас 10 дугаар давхрын орчимд засал хийж байсан Ц.Тvмэнгэрэл унасан байна. Одоогоос арваад хоногийн ємнє уг хэрэг гарчээ. Засал хийж байсан єєр хоёр залуу шат нурах vед шатнаас бэхэлсэн хамгаалалтын бvсийг тайлж амжжээ. Хэрэв тэд овсгоо гаргаагvй бол мєн л амиа алдах байсан гэнэ.



Баянгол дvvрэгт байх “Єнєр” хорооллын барилгын ажлыг тvр хугацаагаар зогсоосон аж. Хэдийгээр угсралтын ажлыг зогсоосон ч ажилчид ойр зуурын юм хийсээр байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байцаагчид “Номин констракшн” компанид єнгєрсєн дєрєвдvгээр сараас хойш энэ сарыг хvртэл хэд хэдэн удаа аюулгvй ажиллагааны албан шаардлага єгч байсан гэнэ. Тэрхvv шаардлагад “…долоогоос дээш метрт хамгаалалтын тор татах, єргєх механизм болон шатны аюулгvй байдалд анхаарах” гэсэн єгvvлбэр байх юм. “Мэргэжлийн байгууллагын анхааруулгыг ажил болгосон бол осол гаргахгvй байсан даа” гэх харуусал ч тєрж байлаа.

Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын Хєдєлмєр хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраас Хєдєлмєрийн аюулгvй ажиллагааг хэрхэн хангадаг талаар тодруулсан юм.

-”Номин констракшн” компанийн барьж буй барилгаас нэг хvн унаж нас баржээ. Энэ осол ослын мэдээлэлд бvртгэгдсэн болов уу?
-Одоохондоо мэдэгдээгvй байна. Дvvргийн мэргэжлийн хяналтын хэлтэст энэ осол бvртгэгдсэн байх.

-Ослын мэдээллийг нуух гэж оролдсон юм болов уу?
-Хуруугаа хавчуулах зэрэг жижиг ахуйн ослыг бvртгээгvй байж болно. Хєдєлмєрийн чадвараа алдсан, цаашлаад амь нас нь эрсэдсэн бол нуух боломжгvй. Мэргэжлийн хяналтын анхан шатны байгууллагад осол бvртгэгддэг. Тийм болохоор дvvргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст энэ талаарх мэдээлэл байгаа. Хєдєлмєрийн хуулиар vйлдвэрлэлийн осолд мэргэжлээс шалтгаалсан євчин, хурц хордлого, тэдгээрийг судалж бvртгэх тухай оруулсан. Энэ хууль 1999 оноос хойш мєрдєгдєж байгаа. Vйлдвэрлэлийн болон vйлдвэрлэлийн бус осол гарсан тохиолдолд ослоос хойш гурав хоногийн дотор мэдэгдэх ёстой.

-Томоохон компаниуд хохирогч болон тэдний ар гэрийнхэнд мєнгє єгєєд л аргалчихдаг юм байна гэсэн хардлага байдаг?
-“Ажил олгогч нь vйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бvрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бvртгэх vvрэгтэй бєгєєд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дvгнэлт гаргах vvрэг бvхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гээд хуульд заасан. Хуулийн дагуу аж ахуйн нэгж байгуулагад орон тооны бус комисс ажиллах ёстой. Тухайн комисс осол гарсан vед ажиллаж ослын акт гаргадаг. Комиссын гаргасан vйлдвэрлэлийн ослын актыг хєдєлмєрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дvгнэлтийг хєдєлмєрийн эрvvл ахуйн хяналтын улсын байцаагч хянадаг. Улсын байцаагч ослын актыг зєвшєєрвєл баталгаажуулна. Зєвшєєрєхгvй бол дvгнэлт бичдэг. Хохирогч болон гэрийнхэн ослын актыг зєвшєєрєхгvй бол гомдлоо мэргэжлийн хяналтын байгууллага болон шvvхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлvvлж болно.

-Осолд орсон хvмvvс нийгмийн даатгалаас мєнгє авч чадахгvй байх тохиолдол байдаг?
-Vйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан євчний улмаас хєдєлмєрийн чадвараа хагас алдсан ажилтанд ес, тvvнээс дээш, бvрэн алдсан ажилтанд 18 сарын цалинг олгодог. Осолд орсон ажилтан нас барсан тохиолдолд талийгаачийн ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх мєнгийг олгох юм. Vйлдвэрлэлийн ослоор хєдєлмєрийн чадвараа алдсан бол 180 хоногийн цалин олгох ёстой.

No comments:

Post a Comment