Wednesday, October 21, 2009

Татвараас зайлсхийдгээрээ зартай “Айвенхоу Майнз”-ыг 10-хан байцаагч хянаж чадах уу!

Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх эрдэнэсийн авдрыг нээснээрээ Монгол улс олон улсын анхаарлын төвд орлоо
. Оюу толгойн гэрээг үзэглээд дөнгөж цагийн дараагаас Хөрөнгийн биржүүд дээр “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа суга өсч эхэлсэн нь үүнийг гэрчилнэ. УИХ ч иргэдэд амласан Эх орны хишиг, Эрдэнийн хувиа яаж өгөх талаар хэлэлцэж эхлэлээ.

Гэхдээ Оюу толгойн гэрээ одоо болтол олон нийтэд ил тод болоогүй л байна. Иргэний хөдөлгөөнүүд ганц зузаан боть ч хүрэхгүй ерөнхий гэрээ байгууллаа гэж шүүмжилж байгаа бол холбогдох албаныхан нь 10 гаруй хавтас гэрээ болсон гэхээс гэрээгээ олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулаагүй. Яагаад гэрээг ил тод болгохгүй байгаа нь олон нийтэд хүргэхгүй байх шалтгаан, элдэв “но” гэрээнд байна уу гэсэн хардлагыг нийгэмд өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.

Оюу толгойн гэрээг үзэглэсний дараа олны анхаарлын төвд төдийлөн орохгүй байгаа хэрнээ хамгийн чухал асуудал бол Оюу толгойн гэрээний биелэлт, хөрөнгө оруулагчдад тавих хяналт юм. Хэдэн тэрбумаар тоологдох ам.долларын хөрөнгө оруулалт, түүнээс давсан мөнгөний ашиг гээд Монголын түүхэнд байгаагүй их мөнгөний талаар яригдаж байгаа болохоор аргагүй биз.

Найман нэрийн хүнсний дэлгүүр, архины жижиг үйлдвэр биш болохоор Оюу толгой дээр зайлшгүй өндөр хэмжээний хяналт шалгалт байх ёстой. Тэр тусмаа манай улс хөрөнгө оруулагч нэрийн дор ажилладаг гадаадынханд том жижиг гэлтгүй хулхидуулж хаширсан гэдэг үүднээсээ бүр ч илүү сэргэг хандах шаардлагатай юм. Хамгийн ойрын жишээ гэхэд л “Бороо гоулд” компанийг дурьдаж болно. 50 орчим тонн алтаа Канадуудад ямар ч ашиггүй өгчихөөд араас нь “Бид юу хийчихэв ээ” гээд л алгаа хавсраад хоосон хоцорсон. “Бороо гоулд” дээр ямар ч хяналт шалгалт гэж байсангүй. 2000 төгрөгийн үнэтэй ганц килограм хадаасыг 40 ам.доллар, 300 төгрөгийн ажлын бээлийг 4000 төгрөгөөр импортолдог гэж тайлангаа биччихээд танай улсад тэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ гээд Канадууд биднийг хөөрхөн молигодож дөнгөсөн. Энэ байдлыг Оюу толгой дээр дахин давтуулахгүй байх талаар шат шатандаа анхаарах шаардлагатайг учир мэдэх хүмүүс зөвлөж, анхааруулж байна. Уг нь Оюу толгойн гэрээн дээр энэ талаар бүхэл бүтэн бүлэг болгон тусгасан сурагтай. Тэндээс онцлоход хамгийн гол хяналтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар тавих аж. Товчхондоо бол манай залуу эдийн засагчид дэлхийн уул уурхайн архагуудтай эдийн засгийн ухаанаар халз тулалдана гэсэн үг.

Харин манай улсын эдийн засагч, санхүүчид “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-гийн олон жилийн туршлагатай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчдыг хянаж барах болов уу гэдэг эргэлзээтэй. “Айвенхоу Майнз”-ынхан дэлхийн олон улсыг хулхидаж гаршсан, татвараас зайлсхийж, татварын бүсэд нуугдаж чаддаг гээд болохгүй бүтэхгүй зүйлээрээ гаршсан баг байдаг гэдэг юм билээ. Түүн дээр нь “Рио Тинто” гэсэн нүсэр компанийн тооны ухаантнууд нэмэгдэхээр дөнгөж дөрвөн их наяд төгрөг дээр толгойгоо гашилгадаг манай улсын Сангийн яам, татварын эдийн засагчид, байцаагчдыг ёстой “зажлахгүй залгина” гэгч нь болж таарах гээд байгаа юм. Сангийн яамныхан энэ тал дээр нэлээд ажиллаж, бэлтгэлээ хангах дээр анхаарч байгаа сурагтай. Гэрээнд тусгаснаар зөвхөн Оюу толгойг хянаж шалгахад зориулж татварын 10 байцаагчийн орон тоог шинээр бий болгож, төсөв зардлыг нь ирэх оны улсын төсөвт тусгахаар ярилцаж байгаа юм гэсэн. Энэ 10 татварын байцаагч нь ганцхан Оюу толгой дээр ажиллах бөгөөд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын үйл хөдлөлийг нэгд нэгэнгүй хянаж, байнга л шалгаж байх юм байх. Тэд Монгол улсын гол нүд чих болох учиртай. Хэдэн арван тэрбум ам.доллараар яригдаж байгаа том төсөл дээр ажиллаж байгаа болохоор мэдлэг, чадвар, ажлын туршлага гээд бүх юмаараа шилдэг байж дэлхийн санхүүчидтэй “тулалдах” юм.

Мөн дээрээс нь эх оронч сэтгэлгээ нь давамгай байх ёстой гэж байгаа. Эсрэг талд нь бүхнийг мөнгөөр шийдээд сурчихсан, татвараас зугтах тал дээр мэргэшсэн баг байгаа болохоор тэдний үүрэг хариуцлага асар өндөр. Харин дээрх байцаагчдыг яаж сонгож шалгаруулах вэ гэдэг дээр зарим хүн толгойгоо гашилгаж байгаа бол ашиг хонжоо харсан нөхдүүд энэ 10 хүний тоонд өөрийнхөө ах дүү хамаатан саданг оруулчих санаатай дээгүүр доогуур гүйгээд эхэлсэн сураг дуулдсан. Ямар ч байсан ирэх сарын эхээр гэхэд татварын 10 байцаагчаа сонгон шалгаруулж, шаардлагатай бол гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулчих санаа байгаа юм билээ. Дээрх 10 байцаагчийн ганц зэвсэг нь “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн талаарх цуглуулж авсан бүх мэдээлэл гэсэн. Аль улсад яаж татвараас цэвэрхэн бултаж байсан, хөрөнгө оруулалтыг хэрхэн хулхидаж байсан гээд “нууц” материалуудыг цуглуулж түүнээсээ туршлага хуримтлуулах юм байх.

Нөгөө талаар Оюу толгой гэдэг асар их мөнгө эргэлдэх газар учир нөгөө 10 байцаагч маань авлига хээл хахуульд өртөж, тав, 10 мянган доллараар 50, 100 саяын мөнгөний “но”-г мэдэн будлиад өнгөрчих, эх орноо худалдчихыг үгүйсгэх аргагүй. Төрийн албан хаагчийн цалин тийм ч өндөр биш. Тэгээд ч манай татварын байцаагчдыг тийм ч “ариухан” гэдэггүй юм билээ. Тиймээс “Айвенхоу Майнз”-ын эсрэг зогсох 10 байцаагчид өндөр шагнал урамшуулал олгохоор ярьж байгаа юм гэсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдний сард авах цалин, урамшуулал нь нийлээд гурав, дөрвөн сая төгрөгөөс хэтрэхгүй бололтой. Ингээд бодохоор тэр 10 байцаагч эх орноо гэсэн сэтгэлтэй, эрхэлсэн ажилдаа гаршсан нөхдүүд байхгүй бол “Бороо гоулд”-ын хэрэг дахиад давтагдаж, юун эх орны хишиг, их бүтээн байгуулалт манатай болох вий дээ.

No comments:

Post a Comment