-126 хүн H1N1 вирусын халдвар авчээ-
Өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэхдээ тэрбээр дэлхий дахинаа цар тахлын хэмжээнд хүртлээ тархаад байгаа А хүрээний H1N1 вирусын халдвар манай улсад орж ирээд арав хүрэхгүй хоногийн дотор 126 болтлоо нэмэгдээд
байхад онц байдал зарлах, хөл хорио тогтоох хэрэггүй хэмээн хээв нэг хэлж суух юм.
Хэдийгээр хөнгөн хэлбэрээр манай улсад тархаж байгаа нь зол хэдий ч энэ өвчин газар авбал ариутгалын бодисын ч нөөцгүй шахуу байгаа манай улсын хувьд дарж авна гэдэг тун эргэлзээтэй санагдах юм. Ядруухан амьдралтай манай улсын хувьд уг халдварт өвчин газар авахгүй гэх баталгаа алга. Ниргэсэн хойно нь мянга хашгираад ч нэмэргүй шүү дээ, Эрүүл мэндийн яамныхаан. Ийнхүү учирлахын учир нь зөвхөн нийслэл хотод гараад байсан H1N1 вирусын халдвараар өчигдрийн байдлаар Дорнод аймагт гурав, Өвөрхангай аймагт хоёр, Хэнтий, Дархан, Хөвсгөл аймгуудад тус тус нэг хүн өвчлөөд байгаа юм. Тийм болохоор хөнгөн хэлбэрээр халдварлаж байна гэж тайтгарч суухын оронд эртхэн арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна. Салбар хариуцсан дэд сайдыг мэдээлэл хийсний дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан дэд захирал Г.Сүрэнхандаас өвчний явц болоод авч буй арга хэмжээний талаар тодруулсан юм.
-Өвчилсөн хүмүүсийн тоо 126 хүрчихлээ. Танай эмнэлэгт эдгээр өвчтөнөөс яг хэд нь хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Онош нь батлагдсан нь 126 хүн шүү дээ. Хэдийгээр энэ өвчин олныг хамарч байгаа ч гэлээ бүгд хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Манай эмнэлэгт эдгээр хүмүүсийн 52 нь хэвтэн эмчлүүлж байна. Өвчилсөн хүмүүсийн 25 нь эмнэлгээс гараад байна.
-Уржигдархан 32 хүн гахайн ханиадаар өвчилсөн байтал яагаад 24 цагийн дотор 126 болтлоо нэмэгдчихсэн юм болоо гэж гайхаад байна л даа?
-Энэ өвчний тархалт ямар байгааг бид харуулдан тандалтын аргаар шалгаад 126 хүн өвчилснийг тогтоогоод байгаа юм. 126 хүнээс чинь 74 нь харуулдан тандалтын аргаар илэрсэн юм. Хамгийн гол нь өвчилсөн хүмүүсийн маань өвчлөл их амархан илааршиж байгаа нь сайшаалтай. Өвчилсөн нийт хүмүүсийн 0.1 хувь нь жаахан хүндэрч байгаа. Эмчилгээ их сайн авч байна.
-Хэдийгээр энэ өвчлөл хөнгөн хэлбэрээр тусч байгаа ч гэлээ ийм хурдан тархацтай байгаа юм чинь хөл хорио тогтоох гээд арга хэмжээ авч болдоггүй юм уу?
-ДЭМБ-аас хамгийн гол нь энэ өвчнийг хохирол багатай даван туулахыг бидэнд зөвлөсөн. Тэгээд ч нэг сургуулиас нэг хүүхэд өвчилж байхад тэр сургуулийг бүхлээр нь үйл ажиллагааг нь зогсооно гэдэг утгагүй. Тийм болохоор хөл хорио тогтоох болоод өөр бусад арга хэмжээ авах шаардлагагүй.
-Өнөөдрийн байдлаар хэдэн сургуулийн үйл ажиллагааг хаагаад байгаа вэ?
-Ганцхан 97 дугаар сургуулийн үйл ажиллагааг хэсэгчилэн хаагаад байгаа. Өөр сургууль, цэцэрлэгийг хаагаагүй ээ.
-Өчигдөр/уржигдар/ БХИС-ийн хоёр сонсогч уг өвчнөөр өвчилсөн гэсэн. Шинжилгээний хариу юу гэж гарсан бол?
-Бидэнд өвчний сэжиг илэрлээ гэж мэдэгдсэн ч шинжилгээ хийлгэсэнгүй чимээгүй болчихлоо. Улирлын шинжтэй томуугаар өвчилсөн юм байлгүй дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment