... Тал нь хаана байна. Тал нь, уу тал нь энэ байна. Бишээ бүр нөгөө тал нь хаана байна. Бүр нөгөө тал нь уу, аан бүр нөгөө тал энэ байна... "Зэрэг нэмэхийн өмнө" киноны Боролдой ноёноо мунхруулж байгаа энэ хэсгийг уншигч та сайн санаж байгаа байх.
Ганцхан энэ киног ч биш 1970-1980-аад онд гарсан Монголын уран сайхны олон киноны үйл явдал монголчуудын сэтгэлд үргэлж байдаг гээд хэлчихэд нэг их хилс болохгүй. Энэ үйл явдлын дараа юу болох, юу гэж хэлэх гээд л бараг жүжигчнээс нь дутахааргүй үгийг нь ч цээжилсэн байх. Сонирхолтой нь ой тойнд нь бараг л CD үзэж байгаа юм шиг "бичигдчихсэн" киногоо хэдэн ч удаа үзсэн уйддаггүй.
Монголчуудын сэтгэл догдлон үздэг монгол кинонууд өдгөө ч моодноос гараагүй байна. Тэгвэл кино сонирхогч та бүхэндээ нэгэн таатай мэдээг дуулгая. Юу гэхээр саяхнаас 70-80-аад онд "хит" болж, яг л тэр дүрээрээ ард түмний сэтгэлд мөнхөрсөн кинонуудын хоёрдугаар ангийг хийхээр кино найруулагчид шаргуу ажиллаж байгаа сураг дуулдах боллоо. үүнийг талархан хүлээж авах хүн байхад дургүйцэх хүн ч бас байх. Нэг хэсэг нийтийн дуучид ард түмний сэтгэлд хоногшсон дууг дуулахад бэлэнчлэх сэтгэлгээнд автлаа. Хуучны дууг дуулж мөнгө олох гэлээ гээд л нэлээд шүүмжлүүлж байсан. Магадгүй энэ байдал кинон дээр давтагдах вий гэж зарим хүн сэрэмжилсэн биз. Гэвч түүх давтагддаг гэдэг.
үүнийг өнөө цагт олон зүйл гэрчилж байна. Хэдийгээр шинээр гарч байгаа дуучдад бэлэнчлэх сэтгэлгээ байсан ч гэлээ мартагдах шахсан дуунуудыг дахин олны хүртээл болгож, тухайн үеийн дурсамжийг эргэн санагдуулж олонд хүнд сэтгэлийн таашаал амтлуулсан шүү дээ. Түүхээ мартсан хүн сармагчин лугаа адил гэж эцэг өвгөд маань сургадаг. Бид сэтгэлийн учгийг хөглөсөн дуунуудаа мартчихвал түүх соёлоо мартсантай дүйцэх биз. үүний нэгэн адил ард түмнээсээ хорь, гучин жилийн турш "онц" дүн авч байгаа кинонуудын хоёрдугаар ангийг яагаад хийж болохгүй гэж. "Би чамд хайртай" киноны хоёрдугаар ангид урьд нь тоглож байсан жүжигчдийг дахин тоглуулснаар Монголын кино урлагт нэгэн тэсрэлтийг хийж үзэгчдийг байлдан дагуулж байна. үүнээс гадна “Гарын таван хуруу", "Хүргэн хүү", "Зуслангийн найзууд" зэрэг киноны хоёрдугаар ангийг хийх гээд бэлтгэл ажилдаа орж байгаа талаар сураг сонсогдсон. Орчин цаг нь өөр, хийж байгаа хэв маяг нь өөрчлөгдсөн энэ үед харин ч киноны үйл явдал нь хэрхэн үргэлжлэх нь сонирхолтой биш үү. үнэнийг хэлэхэд 90-ээд онд кино урлаг мөхөх шатанд орж, хэдэн жүжигчид нь "гудамжинд" гарсан.
Энэ үед залуу уран бүтээлчид л урлаг мөхдөггүй юм хэмээн тэмцэж байж өдийг хүргэсэн гэдэг. Тэдэнд ганц урмын үг хэлдэггүй юмаа гэхэд чадалтай жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, өндөр шалгууртай бүтээлд хүч сориулж хөгжиж, дэвшихэд нь боломж олгох хэрэгтэй. Нөгөө талаар алдартай бүтээлүүдийн хоёрдугаар ангийг хийх санаа нь ард түмний хүлээлт байж болох юм. Олон жил үзсэн киноны баатрууд маань цаашид яах байсан бол, магадгүй хорин жилийн өмнөх “Гарын таван хуруу"-ны хүүхдүүд өнөөдөр яаж "амьдарч" байгаа бол. Аавтайгаа эвлэрэх болов уу, эсвэл дахиад л хүүхдүүдээ хаяад явах болов уу гээд л. Олон асуултын хариуг ард түмэн авахыг нууцхан хүсч байж болох. Олон улс оронд алдартай бүтээлүүдээ шинэчилж, цаг үед нь тохируулан үзэгчдийн хүртээл болгодог. Ганцхан жишээ хэлэхэд алдарт боксчин Роккигийн талаар 1980-аад онд хийж байсан киноны хоёр, гурав, дөрөвдүгээр ангийг нь хийгээд дэлхий нийтийг байлдан дагуулсан хэвээр л байна.
Ингэж байж дэлгэцэнд мөнхөрсөн баатрууд маань бахархах бас нэгэн зүйлтэй болно. Шинэлэг санаа, хийх хүсэл зориг байна. Гагцхүү чанартай, хамгийн гол нь өмнөх жүжигчдийнхээ нүүрийг улайлгахааргүй уран бүтээл хийгээсэй гэж хүснэм. 70-80-аад он, магадгүй түүнээс өмнө бүтээгдэж байсан кинонууд яагаад ийм алдартай байдаг вэ? Кино гэдэг нь тухайн цаг үеийнхээ нүүр царай, сэтгэл санаа, аясыг чадварлаг харуулдаг урлаг. Тийм ч учраас жүжигчин болоод бусад ажилтнууддаа өндөр шалгуур тавьдаг гэдэг.
Тухайлбал, дээр үед киноныхоо дүрийг гудамжнаас хүртэл хайдаг байсан тухай ахмадууд маань ярьдаг. Гудамжинд явж байхыг нь хараад энэ миний киноны гол дүр байна гээд шалгаруулалтад оролцох санал тавьдаг байсан гэдэг үгийг бид олон хүний амнаас сонссон. Ийм тохиолдлоор олон ч хүн кино урлагт хөл тавьж, кино хальснаа дүрээ мөнхөлсөн. Ер нь ямар ч урлаг тухайн улс орны соёлын үнэт зүйлийн тоонд ордог. Энэ үүднээсээ киног зэрэмдэглэж хаях нь биш харин ч хүний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн кинонуудын үргэлжлэл сайн хийгдээсэй гэсэн үүднээс өөрийн санаагаа сийрүүллээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment