Wednesday, October 21, 2009

Үндэсний компаниудын чадавхыг тодорхойлсон мэдээллийн сантай боллоо

Худалдаа хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэх зорилгоор манай улсад ажлын гараагаа эхэлсэн байгууллага бол Монголын бизнесийн зөвлөл юм. Тус зөвлөл "Айвенхоу Майнз Монголиа" ХХК-ийн хүсэлтээр уул уурхайн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой үндэсний компаниудын чадавхыг тодорхойлсон мэдээллийн санг бүрдүүлжээ.
 Ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбар дахь олон төрлийн эрэлтийг дотоодын зах зээлээр хангах замаар хүн амын дунд ажилгүйдлийг бууруулж, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмэр болох юм. Энэхүү мэдээллийн санд эхний удаад 1153 компанийг ханган нийлүүлэгчийн сүлжээнд бүртгэсэн байна. Эл сүлжээ гадаадын компаниудын хувьд Монголоос бизнесийн найдвартай түншээ хайх эх сурвалж, үндэсний компаниудын нэрийн хуудас болох юм. Харин манай компаниудын хувьд бизнесээ өргөжүүлэх, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт татах үүд нээгдэх юм байна. Энэ талаар "Сант марал" сангийн гүйцэтгэх захирал Л.Суматигаас тодрууллаа. Учир нь эл ханган нийлүүлэгчийн сүлжээг бүрдүүлж, боловсронгуй болгох эхний ажилбарыг тус сан гүйцэтгэжээ.

-Мэдээллийн санд хэдий хэмжээний хөрөнгө, санхүүтэй ямар салбарын аж ахуйн нэгж, компани орсон юм бол?
-Янз бүр. Тухайлбал, жилд 150 сая төгрөгийн орлоготой компани 50 хувийг эзэлж байсан бол 150 сая төгрөгөөс тэрбум төгрөгийн орлоготой нь 32, тэрбумаас дээших нь 18 хувийг эзэлж байсан. Салбарын хувьд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани есөн хувийг эзэлж байсан. Бид компаниудыг мэдээллийн санд оруулахын тулд хаягаар нь очиж бүртгэсэн. Дээр нь нэлээд удаан хугацааны турш сонин, хэвлэлээр энэ талаар танилцуулж, мэдээлэхийн сацуу уриалга хүргүүлж бүртгэсэн. Нийлүүлэгчээс гадна үйлчилгээний байгууллага нэлээд орсныг анзаарсан байх. Ер нь цаашдаа зөвхөн уул уурхайтай холбоотой бус Монголын бүх үйлдвэрлэгч, үйлчилгээний компаниудыг сандаа хамруулъя гэж бодож байгаа.

-Ямар нэг шалгуур тавьсан уу?
-Бид ямар нэг хязгаарлалт хийгээгүй. Анх "Айвенхоу Майнз Монголиа" ХХК томоохон компаниудтай ажилламаар байна гэж хүсэлт тавьсан. Гэхдээ жижиг аж ахуйн нэгжүүд тус компанид хэрэггүй ч өөр компанид хэрэг болж магадгүй гэсэн утгаар ялгалгүигээр оруулсан. өөрөөр хэлбэл, хөрөнгийн хязгаарлалт тавиагүй. Иймээс бидэнд ямар ч аж ахуйн нэгж хандаж болно. Уг нь бид өнгөрсөн гуравдугаар сараас тавдугаар cap хүртэлх хугацаанд орон даяар мэдээллээ цацсан. Мэдээллийн санд нийслэл болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг долоон аймгийн 1218 аж ахуйн нэгж хамрагдсан. Энэ сан маань алдаа багатай мэдээллийн бааз болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл төрийн байгууллагаас юм уу, өөр нэг газраас энэ талын тодорхой мэдээлэл авахад утас нь солигдсон. Эсвэл хаяг нь өөр байх жишээтэй. Харин уг сан энэ жилийн хувьд бодит мэдээллийн сан болсон гэж бодож байна. Гэхдээ мэдээллээ жил болгон шинэчлэх хэрэгтэй. Учир нь ирэх онд магадгүй 10 хувийнх нь хаяг, утас өөрчлөгдөж мэдэх юм.

No comments:

Post a Comment