Wednesday, October 21, 2009

Хоёр нам сонгуулиар мөнгө тараагаагүй гэцгээв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.


Хуралдааны эхэнд Д.Энхбат гишүүн "Саяын нөхөн сонгуулийг ажиглаж хэд хоног явсан. Энэ сонгуульд мөнгө их тараасан. Нэрийг нь энэ удаа хэлээд яахав. Үндсэн хуулийн тулгуур зарчмыг цаашид ингэж мөнгөөр худалдаж аваад байх юм уу гэдгийг хоёр намын бүлгийн дарга байгаа дээр асууя. Цаана чинь иргэд 76 мангуу гээд яриад байна. Бид мөнгө тараадаг гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Сонгууль халуун байгаа дээр яриад энэ асуудлыг хэлэлцмээр байна" гэлээ.

Түүний асуултад Ц.Сайханбилэг гишүүн "АН ямар ч мөнгө тараагаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Ногоон нам манай нэр дэвшигчийг дэмжиж энэ нөхөн сонгуульд оролцсон. Баримт нотолгоотой, буух эзэн буцах хаягтай зүйл яримаар байна. Ер нь хууль бус юм бий гэдгийг бүгд мэдэж байгаа. Том намууд гэлтгүй бүгд хамтарч энэ асуудлыг ярьж хэлэлцэх нь зүйтэй" гэсэн бол

Д.Лүндээжанцан гишүүн "Мөнгө тараалаа гэдэг яриа мөнхийн, сонгууль бүрийн дараа яригддаг. Ухуулагчид урамшууллын мөнгө өгдөг зүйл бий. Харин иргэд сонгох эрхээ худалдаж байна гэдэгт би л лав итгэдэггүй" гэв.

АН завсарлагаа ав, бид гуйхгүй
Хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө АН бүлэг завсарлага авч байгаагаа дуулгасан. Ц.Сайханбилэг гишүүн завсарлага авах болсон шалтгаанаа "Жилийн өмнө баталсан хуулийг огт мөрдүүлээгүй. Өөрчлөгдөх гэж байгаа, хуулийн төслийг өргөн барьчихсан гээд баталсан хуулийг ерөөс хэрэгжүүлээгүй. Тиймээс Төрийн албан тухай хуулийг сайтар ярилцаж нэг мөр шийдмээр байна. Хоёр намаас ажлын хэсэг байгуулан ажиллая. Бүлэг ингэж шийдсэн учраас завсарлага авч байна" гэж тайлбарласан. УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан "Энэ хуулийн өөрчлөлт цаг хугацаа алдаж байна. Олон талаас нь ярилцаж шийдмээр байгаа юм. Асуудал болгонд завсарлага аваад баймааргүй байна. Хийх ажил их байна шүү дээ" хэмээв.

Харин АН-аас завсарлага авч байгаа нь Ц.Нямдорж гишүүнд огт таалагдсангүй. Тэрбээр "АН завсарлага авдгаа болих хэрэгтэй. Та нар завсарлага авмаар байгаа бол ав. Ирц бүрдсэн үед олонхоороо хэлэлцээд шийдээд явдаг зарчим Монгол төрийн түүхэнд бий. Та нар тэр эрхэлдэг газраа очиж эрхэл. Бид гуйхгүй" гэж хатуухан хэлээд авав. Үүний хариуд Ц.Сайханбилэг гишүүн "Хуулийн дагуу асуудлыг ярьж байна" хэмээгээд танхимыг орхин гарсан.

Түүний араас гарах гэсэн Д.Лүндээжанцан гишүүнийг "Лүндээ чи олонхийн бүлгийн дарга шиг бай. Завсарлага авах болгонд араас нь дагаж гүйдгээ боль" гэсэн хатуу үгээр Ц.Нямдорж гишүүн хатгаад авахаа ч мартсангүй.

No comments:

Post a Comment