Wednesday, October 21, 2009

“Улаан ном”-ын хулгайчид ял зэмгүй үлдэх вий

-Тэд 543 сая төгрөгөөр үнэлэгдэх ховор амьтдыг агнаж устгажээ-

Улаан номонд ороход ойрхон байгаа баавгай, буга, хүдэр агнаж эд эрхтэнийг нь хил давуулахыг завдсан гэр бүлийн хоёр хүнийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Тус дүүргийн долдугаар хороонд оршин суух Г.Ганчимэг нөхөр Н.Оюунбаатарын хамт 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашиндаа дээрх амьтдын түүхий эдийг ачин Замын-Үүд рүү явж байхад нь цагдаагийн ажилтнууд саатуулсан юм. Үзлэгийн явцад тэдний машинаас 13 баавгайн 52 ширхэг савар, хүдрийн найман заар, буга, согооны сүүл 129, бугын 60 чив илрүүлсэн. Өдгөө тэднийг Ганц худагийн цагдан хорих төвд хорин шалгаж байгаа.


Сэжигтнүүд түүхий эдийн ченж гэдэг нэрийн дор хулгайн анчдаас хямдхан авсан түүхий эдээ БНХАУ-ын Эрээн дэх түншдээ худалддаг байсан нь нотлогджээ.
Тэднээс хураасан са­вар дунд нас бие гүйцсэн баавгайнх ч байсан. Бамба­руушийг нь ч хайрлалгүй агнажээ. Эдгээр түүхий эдийг 2-3 сарын дотор цуглуулсан талаараа цагдаагийн ажилт­нуудад мэдүүлсэн гэнэ. Түү­ний зэрэгцээ үзлэг нэгж­лэгийн явцад бөхөнгийн 10 хос эвэр олдсон байна.
МХЕГ-ын Байгаль ор­чин, геологи, уул уурхай, цац­рагийн хяналтын албаны байцаагчаас эдгээр амьтдын экологи эдийн засгийн үнэл­гээг тодруулахад “Амьтны аймгийн тухай хуульд ан амьтныг хууль бусаар агнаснаас учирсан экологи, эдийн засгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлэн төлүүлнэ гэж заасан байгаа. Экологи, эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор баталсан. Тухайлбал, эр хүрэн баавгай хоёр сая, бамбарууш 3.4 сая, халиун буга 2.5, согоо гурван сая 250 мянга, баданга хүдэр 2-3.4 сая, бөхөн 2-3.4 сая төгрөгөөр үнэлэгддэг” гэсэн юм.

Амьтны аймгийн тухай хуульд зааснаар дээрх амьтад манай орны ховор, нэн ховор амьтанд тооцогддог бөгөөд хулгайн анчдын балгаар маш их хэмжээний тодруулбал 543 сая төгрөгийн хохирол учраад байна. Хулгайн анчдаас түүхий эдийг нь авч борлуулдаг хүмүүс солонгос, хятадуудад хил давуулан худалддаг нь батлагдсан бөгөөд эх орныхоо ховор амьтдаар түүхий эдийн бааз болгон хангадаг аж.

Гэвч хулгайн анчид болон ченжүүд торгох ялаар шийтгүүлээд л өн­гөр­дөг. Цагдаагийн бай­гуул­лагынхан байгаль орч­ны эсрэг гэмт хэрэгтэй эр­чимтэй тэмцэж, хууль бу­саар тарвага агнах, их хэм­жээний арьс хилээр нэвт­рүүлэх, хулгайгаар мод бэлтгэх, түүнийг тээвэрлэж явсан хүмүүсийг илрүүлэн саатуулдаг ч прокурор, шүүхийн шатанд торгох ялаар шийтгүүлдэг, эсвэл хэргийг нь хэрэгсэхгүй болгох явдал ихэсчээ. Хэдэн өдөр, сар хулгайчидтай хөөцөлдөж, ченжүүдийн сүлжээг илрүү­лээд ч шалгасан хэрэг нь ийнхүү хэрэг биш болдгоос хэдэн хавтас цаас нь хог болон үлддэг аж. Хэдэн жилийн өмнө УИХ байгаль орчны эсрэг энэ мэт гэмт хэргийг таслан зогсоохын тулд хуулийн орчинг чан­гатгасан. Энэ дагуу хулгайн анчид, тэдний бараа, тээвэр­лэсэн автомашиныг нь улсын орлогод хураан авахаар болсон ч энэ нь ченжүүдэд бас л хөнгөдөж буй бололтой.

Тэдний олонх нь үнэтэй жийп хөлөглөдөг. Сая саатуулагдсан ченжүүдийн тухайд торгуулийн 27 сая төгрөгийг машинаараа төлчихөөд энэ хэрэг намжина гэж зарим эх сурвалж үзэж буй юм. Үнэхээр тийм бол “Улаан ном”-ын амьтад хэрэгтнүүдийн хэтэвчийг түнтийлгэж, улсын сан хөмрөг жийпээр дүүрч, Монгол орны онгон дагшин байгаль алдагдсаар байх нь.

No comments:

Post a Comment